Monday, May 20, 2013

Б.Билэгтсайхан: “Бизнес шийдэл-2013” Бизнесменүүдэд хөндлөнгийн судлаачдын нүдээр байгууллагад нь ямар шинэ шийдэл хэрэгтэйг таниулна

Бизнесийн чиглэлээр судалгаа хийдэг оюутан, судлаач, багш нарыг дэмжих, тэдний бүтээлийг аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх зорилго бүхий “Бизнес шийдэл” төслийн уралдаан зохион байгуулагдах гэж байна. Уралдааныг зохион байгуулж буй “Эм Ай Си Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билэгтсайхантай уулзаж ярилцлаа. 

-“Бизнес шийдэл” төслийн уралдааныг зохион байгуулах болсон шалтгаан юу вэ? 

 


















-Яахав ээ, ер нь бол аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтэцдээ бизнес төлөвлөлт, судалгаа хариуцсан мэргэжилтэнтэй, албатай байдаг л даа. Бүр тусгайлсан газар буй болгох хэмжээнд хүртэл судалгааны ач холбогдлыг үнэлж буй нь ч бий. Гэхдээ л аж ахуйн нэгжүүд аливаа шинэ соргог санаа, хэрэгжих боломжтой бодитой төслийн эрэлд “хатаж байдаг” гэхэд хилсдэхгүй. Магад тухайн байгууллагад тулгарч аливаа асуудлыг шийдвэрлэх, хэрэгжиж буй үйлчилгээг сайжруулах, төгөлдөршүүлэх шийдлийг “гаднаас нь” харж буй хүн илүү олох магадлалтайг ч үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр цөөнгүй багш, оюутан, залуу судлаачид бизнесийн судалгаа хийж, шинэ төслийн санаа “үйлдвэрлэж” байна. 

Гэтэл эдгээр судалгаагаа бодит ажил болгох боломж тэдэнд бага. Иймээс энэ хоёр эрэлтийг холбох нь “Бизнес шийдэл”-ийн хамгийн гол зорилго юм. Уг төслийн уралдаанд оролцохын тулд тухайлсан бизнесийн салбарт хэрэгжүүлэх боломжтой шинэ санаачлагуудыг хөтөлбөр, төсөв, олон нийтэд хэрхэн таниулах, компанидаа хэрхэн хэрэгжүүлэх талаар нэгтгэн ТӨСӨЛ болгон ирүүлж, илтгэл тавьж өрсөлдөх юм. Эцсийн шалгаруулалт 1 сарын 18-нд болно. Ер нь бизнес эрхлэгчид маань судлаачид, багш нар, оюутнуудын нүдээр өөрийн бизнест ямар өөрчлөлтийг хийх шаардлагатайг олж харахад илүүдэхгүй болов уу. Тухайн салбарт, тухайн байгууллагад ажиллаж буй бүтэц, менежерээс арай л өөр өнцгөөс сэтгэж, шийдэл эрэлхийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 -Төслийн уралдааны эцэст хурал болох юм байна гэж ойлголоо. хэдэн шаттай явагдах вэ?

 Хэдэн илтгэл шалгаруулах вэ? Хурал оюутнууд болон судлаачдын гэсэн 2 ангилалтай. Нэгдүгээр шат 1-р сарын 10-нд, эцсийн шалгаруулалт 1-р сарын 18-нд болно. Эцсийн шалгаруулалтанд оюутан судлаачдын 20 төсөл, багш,судлаачдын 10 шилдэг төсөл өрсөлдөх юм. 

 -Хурлын материал хүлээн авах сүүлийн хугацаа хэзээ вэ? Хурлын шалгаруулалтанд юуг голчлон анхаарч үзэх вэ?

 -Төслийг 1-р сарын 15-ны 18.00 цаг хүртэл хүлээн авна. Хамгийн гол шалгуур нь уг төсөл тухайлсан нэг аж ахуйн нэгжид хэрэгжүүлэх боломжтой байх ёстой. 

-Судалгааны сэдвийн хамрах хүрээ? 

-Манай улсын эдийн засгийн салбарууд болох банк, санхүү, даатгал, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн салбар, эрүүл мэнд зэрэг салбарт шаардлагатай байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болон тухайлсан аж ахуйн нэгжүүдэд хэрэгжүүл болохуйц шинэ боломж, бусдаас ялгарах санаачлага бүхий зах зээлийн судалгаануудыг хамруулна. Энэ дашрамд хэлэхэд “Бизнес шийдэл” арга хэмжээний үндсэн шүүгчдээр ХААИС-ын доктор, профессор Р.Оросоо, Удирдлагын академийн сургалтын албаны дарга, доктор Б.Бадралмаа, СЭЗДС-ийн Бизнес Эдийн Засгийн тэнхимийн эрхлэгч Ц.Батсүх, МУИС-ийн багш, докторант Н.Банзрагч нар ажиллах бөгөөд хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөллүүд мөн хөндлөнгийн шүүгчээр ажиллана. 

 -Төслийн уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авч болох вэ? 

www.facebook.com/Mongolsudlaach, 
www.twitter.com/MongolSudlaach, 
www.youtube.com/MongolSudlaach гэсэн сошиал хаягууд болон 91111511, 99058841 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай гэж хүсч байна.

No comments:

Post a Comment